МСҮТ

ЭРХЭМ ЗОРИЛГО

Мэргэжлийн боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн мэргэжлийн ур чадвар, боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн болон харилцааны соёл төлөвшүүлэх замаар суралцагчдад хөдөлмөр эрхлэх чадварыг эзэмшүүлэхэд оршино.

ЗОРИЛТУУД

  1. Сургалтын стандарт, хөтөлбөрийн агуулгыг шинэчлэх, багш нарын заах арга зүйг боловсронгуй болгох замаар мэргэжил эзэмшилтийн чанар, төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ.
  2. Цахим сургалтын хүртээмж, чанарыг нэмэгдүүлж цаг хугацаа, орон зайнаас үл хамааран суралцагчдыг уян хатан нээлттэй сургалтанд хамруулна.
  3. Мэргэжлийн боловсрол сургалт- ажлын байр – тогтвортой хөдөлмөр эрхлэлт зарчмыг удирдлага болгон ажил олгогч нартай хамтын ажиллагааг өргөжүүлж төгсөгч бүрийг ажлын байртай болгож эргэх холбоо бүхий сургалт, дадлага, ур чадвар, хөгжүүлэлтийн систем бүрдүүлнэ.
  4. Багш, ажилтан, суралцагчийн бүтээлч санаачлагыг дэмжин ХҮИС-ын багш нарын инноваци, технологийн дэвшил, хөгжлийн багийн үйл ажиллагаанд татан оролцуулна.
  5. Тогоочийн сургалтын үйлдвэрлэл, дадлагын газрыг орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлж засвар үйлчилгээ хийж тоног төхөөрөмжийн шинэчлэл хийнэ.
  6. Хөдөлмөрийн зах зээлд эрэлт ихтэй байгаа шинэ мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг боловсруулан баталгаажуулж мэргэжлийн нэршил, индексэд өөрчлөлт, шинэчлэл хийх чиглэлээр идэвх, санаачлагатай ажиллана.

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ХҮИС-ийн дэргэдэх МСҮТ нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1968 оны 12-р сарын 28-ны өдрийн 485-р тогтоолыг үндэслэн ХБЯ-ны сайдын 1969 оны 83-р тушаалаар Худалдааны техник мэргэжлийн сургууль болон анх 3 анги, 80 суралцагч, 11 багштайгаар байгуулагдаж хоол үйлдвэрлэлийн болон худалдааны салбарт өнөөг хүртэл 12000 гаруй мэргэжлийн ажилтаныг бэлтгэж хөдөлмөрийн зах зээлд нийлүүлсэн түүхэн хөгжлийнхөө явцад бүтэц, зохион байгуулалтын хувьд өөрчлөгдөн шинэчлэгдсээр ирлээ. Үүнд:

  • 1969-1991 онд Худалдааны техникумын дэргэд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
  • 1991-1996 онд Зах зээлийн коллежийн дэргэдэх Мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургууль
  • 1996-2011 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн дэргэдэх Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв
  • 2011-2017 онд МУИС-ийн Бизнесийн сургуулийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв
  • 2017-2022 онд Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болон 53 дах удаагийн хичээлийн жилийн элсэлтээ зохион байгуулан ажиллаж байна. Ийнхүү хөгжлийнхөө 53 жилийн хугацаанд 5 удаа бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд орж сургалтын үйл ажиллагаагаа улам боловсронгуй болгох чиглэлээр салбарын яам, холбогдох байгууллага болон их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачидтай нягт хамтран ажиллаж мэргэжлийн ур чадвартай ажилчдыг сургаж бэлтгэн хөдөлмөрийн зах зээлд нийлүүлж төгсөгчдийн ажил эрхлэлт 100 хувь хангагдаж ирсэн нь тус сургалтын төвийн сургалт, хүмүүжлийн ажлын чанар, үнэлэмжийг тодорхойлж буй үзүүлэлт юм.

Өнөөдөр Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд хөдөлмөрлөж буй худалдаа, нийтийн хоолны салбарын тэр дундаа мастер тогоочдын 75% нь манай сургалтын төвийн төгсөгчид бөгөөд хоол, үйлчилгээний салбарын хөгжлийг түүчээлэн тэргүүлж буй төгсөгч нараараа бид бүхэн бахархаж байдаг юм.

ХҮИС-ийн МСҮТ нь 2021-2022 оны хичээлийн жил Тогооч, Хангамжийн нярав, Нарийн бичгийн дарга, албан хэргийн ажилтан, Нягтлан бодох бүртгэл, тооцооны ажилтаны чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн хүрээнд 170 гаруй суралцагчдыг элсүүлэн суралцуулж хамтын ажиллагаатай бизнесийн байгууллага, компаниудад танилцах болон үйлдвэрлэлийн дадлагыг зохион байгуулж мэргэжлийн боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн мэргэжлийн ур чадвар, боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн болон харилцааны соёл төлөвшүүлэх замаар суралцагчдад хөдөлмөр эрхлэх ур чадварыг эзэмшүүлэх эрхэм зорилгоо дэвшүүлэн сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

Чадамжид суурилсан сургалтын нэг жилийн хөтөлбөрүүд:

  1. Тогооч
  2. Хангамжийн нярав
  3. Нарийн бичгийн дарга, албан хэргийн ажилтан
  4. Нягтлан бодох бүртгэл, тооцооны ажилтан

Суралцах хугацаа: 1 жил

Элсэгчдэд тавигдах шаардлага:

  • Бүрэн дунд боловсролтой
  • 45 хүртлэх насны Монгол улсын иргэн

Суралцах хугацаанд олгох давуу тал, боломж:

  • Төрөөс төгсөгчдөд 2.000.000 төгрөгийн тэтгэлэг олгох
  • Хөдөө орон нутгийн суралцагчид үнэ төлбөргүй оюутаны байраар хангагдах
  • Орчин үеийн биеийн тамирын заал, өндөр хүчин чадалтай уншлагын номын сангаар үйлчлүүлэх
  • Төрөөс үзүүлж буй бүхий л төрлийн үйлчилгээнд хамрагдах
  • Хамтын ажиллагаатай гэрээт компаниудад дадлага хийх
  • Төгсөгчид 100 ажлын байраар хангагдах

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ХҮИС, МСҮТ-ийн танхимын хичээл сургалт хуваарийн дагуу явагдаж эхэллээ

2020-09-21

ХҮИС-ийн МСҮТ-ийн 2020-2021 оны хичээлийн жилийн нээлт 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр болж, шинэ элсэгчидээ сургуулийнхаа үйл ажиллагаатай танилцууллаа. Энэ хичээлийн жилд элсэн суралцаж байгаа суралцагч нартаа  өндөр ур чадвартай мэргэжлийн сайн ажилтан болж төгсөхийг багш, ажилчдынхаа өмнөөс хүсэн ерөөе.