NUCB

“ХОРШООНЫ ТҮР СУРГУУЛЬ” (1924-1925 он)

Хоршооны түр сургууль 1924 оны 11 дүгээр сарын 01-нд Улаанбаатар хотноо 25 суралцагчтай анх байгуулагджээ. Уг сургуульд суралцагчид Хоршооны уг зорилго, Хоршооны түүх, Итали ба Америк улсуудын давхар нягтлан бодохын данс, Сурган гэгээрүүлэх сургууль, Бараа зүйлийг боловсруулах тухай, Зурхайн бодлого (тооны ухаан), Монголын түүх ба газрын зураг, Үгсийн дүрэм гэсэн хичээлүүд үздэг байсныг “Харилцан Туслах Хоршоо” сонин хэмээх түүхэн баримт бичигт тэмдэглэжээ. Хоршооны түр сургуулийн захирлаар Харилцан туслах хоршооны дансны ажилтан Ширнэн гэдэг хүн томилогдсоны дээр үндсэн гурван багштай, бусад нь харилцан туслах хоршооны ажилтнууд байсан бөгөөд 1925 онд анхны төгсөлт хийж, 18 хүнийг нягтлан бодох, тоо бүртгэл, дансны ажилтны мэргэжил олгож, төв орон нутгийн хоршоодод томилон ажиллуулжээ. Анхны төгссөн 18 хүний нэг нь хожим БНМАУ-ын гавъяат багш болсон Б.Цэвэгжав гуай юм.

“ХОРШООНЫ ТҮР СУРГУУЛЬ” (1925-1931 он)

Монголын харилцан туслах хоршооны төлөөлөгчдийн дөрөвдүгээр их хурлаар Хоршооны түр сургуулийн нэрийг өөрчилж, Хоршооны сургууль нэртэй болгон суралцагчдын тоог 75-д хүргэж, суралцах хугацааг 2 жил болгожээ. Хоршооны сургууль нь 5 жилийн хугацаанд нягтлан бодогч, данс хөтлөгч, барааны мэргэжилтэн, ангийн үс, түүхий эдийн мэргэжилтэн, худалдагч, няравын мэргэжлээр 137 хүний төгсгөсөн ажээ. Тус сургуулийн захирлаар орос мэргэжилтэн Минжгеев, ангийн мэргэжлийн багшаар Коневалов ажиллаж байжээ.

“ТӨВ КООПЕРАТИВЫН СУРГУУЛЬ” (1931-1937 он)

Хоршооны сургуулийг 1931 онд Төв кооперативын сургууль болгон өөрчилж зөвлөлтийн мэргэжилтэн Михайлов захирлаар нь ажиллаж байжээ. Төв кооперативын сургууль болсноор сургалтын төлөвлөгөө, хичээлийн агуулга зөвлөлтийн ижил мэргэжлийн сургуулиудынхтай ойртож, Нягтлан бодох, барааны мэргэжилтэн, Түүхий эд ангийн үсний мэргэжилтэн бэлтгэдэг үндсэн ангиудаас гадна худалдагч, нярав, тогооч, талх баригч, нарийн боовчны шинэ мэргэжил, тос боловсруулагч, цахилгаан машинаар хонины ноос хяргагч, мал үржүүлэгч, хадлан тариалангийн механикжуулагч, номын санч, улаан гэрийн эрхлэгч, кино механикч, машины бичээч нарыг бэлтгэн төгсгөж байжээ.

“ХУДАЛДААНЫ ТЕХНИКУМ” (1937-1952 он)

МАХН-ын Төв Хороо, СнЗ 1937 оны 12 дугаар сарын 17-нд Худалдаа, тээврийн яамны харъяаны Хоршооны сургуулийг техникум болгон өргөтгөх шийдвэр гаргаснаар Худалдааны техникум, сургуулийн кабинет байгуулах ажлыг 1938-1939 онд бүрэн зохион байгуулжээ. Худалдааны техникум нь Бараа судлал, Нягтлан бодох бүртгэл, Мал махны гэсэн гурван үндсэн мэргэжлээр 110 хүнийг элсүүлсний дээр Бараа зааварлагч, Тоо бүртгэгч, Данс хөтлөгч, Мал нядлагч, Талх баригч, Түүхий эдийн эрхлэгчийн богино хугацааны дамжаануудыг хичээллүүлж, 20-иод багш ажиллаж байжээ. Худалдааны техникумын харъяанд сургуулийн комбинатыг тусгайлан байгуулж анхны хоршооны дарга, түүхий эдийн эрхлэгч, нягтлан бодогч-данс хөтлөгч, төлөвлөгч, тоо бүртгэгч, ноос угаагч, кассын эрхлэгч нарыг бэлтгэдэг болсон байна. Худалдааны техникумд олон жил багшилж, улмаар улсын гавъяат багш болтлоо өсөж мэргэшсэн Д.Дондогдорж энэ үед суралцаж төгсжээ.

“ХОРШООНЫ ТЕХНИКУМ”(1952-1958 он)

1952 онд хуралдсан Хоршоодын Төв Холбооны Ерөнхий Ерөнхий хорооны 13-р их хурлаас Худалдааны техникумыг Хоршооны техникум болгосон байна. Хоршооны техникумын онцлог гэвэл багшлах боловсон хүчний бүрэлдэхүүнд чанарын ихээхэн өөрчлөлт гарч, Улсын багшийн дээд сургууль болон ЗХУ-д их дээд сургууль төгссөн шижигнэсэн олон залуус ирсний дотор МУИС-ийн түүхийн ангийг төгссөн Ц.Түдэв захирлаар томилогдон ажиллаж, хожим нь нэрт сэтгүүлч болсон байна.

“ХУДАЛДААНЫ ТЕХНИКУМ” (1959-1991 он)

Монголын Эд Хэрэглэгчдийн Төв Холбоог МАХН-ын Төв Хорооны 1958 оны бүгд хурлаар Худалдаа Бэлтгэлийн Яам болгон өөрчлөх шийдвэр гарсны үндсэн дээр 1959 оноос Хоршооны техникумыг Худалдааны техникум гэж нэрлэх болсон байна. Худалдааны техникум нь Нягтлан бодох бүртгэл, Төлөвлөгөө эдийн засаг, Бараа судлал, Түүхий эд бэлтгэл, Нийтийн хоолны технологи гэсэн үндсэн мэргэжлийн ангиудаас гадна богино хугацааны дамжаагаар олон зуун хүнийг сурган бэлтгэж байжээ. Мөн 1964 оноос Худалдааны тоног төхөөрөмжийн механикийн анги, 1965 оноос Номын худалдааны мэргэжлийн ангийг тус тус нээсэн.

“ХУДАЛДААНЫ ТМС” (1969-1991 он)

Худалдааны техникумын дэргэд 1969 онд Худалдааны ТМС-ийг 80 сурагч, 3 багш, 3 албан хаагч, ажилтантайгаар нээж, захирлаар нь Д.Цолмон ажиллаж байв. Худалдааны ТМС-ийг МАХН-ын Төв Хороо, СнЗ-ийн тогтоолоор Худалдааны техникийн сургууль болгож, 1984 оноос Худалдааны техник мэргэжлийн дунд сургууль гэж нэрлэх болж, суралцах хүмүүсийг 8-р анги төгсөгчдөөс элсүүлэн 3 жилийн хугацаатай суралцуулж төгсгөдөг болсон. Энэ сургалт ХҮДС-ийн энэ сургуульд явагдаж, мэргэжилтэй ажилтан бэлтгэж ирсэн уламжлал хадгалагдсаар ирсэн.

“ЗАХ ЗЭЭЛИЙН КОЛЛЕЖ” (1961-1996 он)

Худалдааны техникум, Худалдааны техникийн дунд сургууль, Худалдааны байнгын курс гурвыг нэгтгэн дээд сургуулийн түвшинд сургалт явуулахаар Зах зээлийн коллежийг 1991 онд байгуулж захирлаар нь Ж.Сүхбаатарыг томилон ажиллуулжээ. Зах зээлийн коллежийг Гадаад хэлний, Ерөнхий эрдмийн, Техник технологийн, Бүртгэл, санхүүгийн болон Эдийн засгийн мэргэжлийн тэнхмүүдтэй болгон зохион байгуулж, Мэргэжилтэй ажилчин бэлтгэх салбар, Тооцоолон бодох машины лаборатори гэсэн нэгжүүдтэй ажиллах болжээ. Сургуулийн харъяанд Мэргэжил дээшлүүлэх, Давтан бэлтгэх, Маркетинг, бизнесийн судалгааны төвүүдийг байгуулжээ. Бие даасан хоёр сургууль нэгдэж шинэ зохион байгуулалтанд ороход 80 гаруй багш, 70 гаруй ажилчинтай, 1250 гаруй оюутан, сурагчтай томоохон сургууль болон өргөжсөн. Зах зээлийн коллеж байгуулагдсан цагаасаа эхлэн гадаад харилцаагаа өргөжүүлж Английн Лидс Их Сургууль, Белгийн Брюсселийн Их Сургууль, АНУ-ын Аризон Истадын Бизнесийн Коллежи, Японы зарим коллежууд, Финляндын Эдийн Засгийн Их Сургууль, Унгарын Олон Улсын Менежментийн Их Сургууль зэрэг олон орны их дээд сургууль, коллежуудын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрүүдтэй нарийн танилцаж, 1992-1993 онуудад сургалтын төлөвлөгөө, хичээлийн бүх хөтөлбөр, стандартуудыг боловсруулан мөрджээ.

“ХУДАЛДАА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДЭЭД СУРГУУЛЬ” (1996 – 2010 он)

1996 онд Зах зээлийн коллежийг дээд сургуулийн статустай болгож өөрчилсний дүнд ХҮДС байгуулагдсан. Тус сургууль Хүмүүнлэгийн ухааны, Эдийн засгийн онол, менежментийн, Маркетингийн, Нягтлан бодох бүртгэлийн, Олон улсын аялал жуулчлал, зочид буудал зоогийн газрын менежментийн, Математик, мэдээлэл зүйн болон Гадаад хэлний тэнхим, Орой, эчнээ салбар, Мэргэжлийн сургалтын төв, Бизнес сургалтын төв, Эрдэм шинжилгээ, магистрын сургалтын төв гэсэн нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байжээ. Удирдах дээд байгууллага нь Удирдах Зөвлөл байсан бөгөөд Эрдмийн болон захиргааны зөвлөл Удирдлагын ардчилсан зарчмыг хэрэгжүүлэн, ажиллаж хамтын шийдвэр гаргадаг байсан.

“МУИС-ИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛЬ” (2010-2011)

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 15 дугаар тогтоолын дагуу ХҮДС нь МУИС-ийн нэг бүрэлдэхүүн сургууль болон Худалдаа, маркетингийн тэнхим (Худалдааны менежмент, Реклам зар сурталчилгааны менежмент), Менежментийн тэнхим (Үйлдвэрлэлийн менежмент, Бизнесийн сэтгэл зүй), Зочид буудал, зоогийн газрын менежментийн тэнхим, Бизнесийн эрх зүйн тэнхим, Нягтлан бодох бүртгэл, мэдээлэл зүйн тэнхим (Нягтлан бодох-хяналт шалгалт, Нягтлан бодох- мэдээлэл зүй) гэсэн тэнхим, хөтөлбөртэйгээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байсан. Засгийн газрын уг шийдвэрийн дагуу Санхүүгийн, Гадаад хэлний, Эдийн засгийн онолын, Эрх зүй, нийгмийн ухааны, Математик мэдээлэл зүйн тэнхимүүд болон Манлай лицей сургууль зэрэг нь МУИС-ийн тус тусын холбогдох нэгжтэй нэгдсэн. Монгол улсын Засгийн газрын 2010 оны 15 дугаар тогтоолоор ХҮДС-ийн Баянхонгор салбар сургуулийг татан буулгах шийдвэр гарч, статусын хувьд хувийн сургууль болж сургуулийн материаллаг бааз дээр үйл ажиллагаа нь явагдаж байсан.

МУИС-ийн ХУДАЛДААНЫ СУРГУУЛЬ (2011-2013)

МУИС-ийн Удирдах Зөвлөлийн 2011 оны 11/07 тоот шийдвэрээр Худалдааны сургууль болж дээрх 5 тэнхим, хөтөлбөрөөр 62 багш, 1500 гаруй оюутантай үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байсан.

МУИС-ийн БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ (2013-2017)

Монгол Улсын дээд боловсролын шинэчлэл, Монгол улсын их сургуулийн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд МУИС-ийн Удирдах Зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 05 тоот тушаалаар хуучин Эдийн засгийн сургууль, Худалдааны сургуулийн суурин дээр шинээр Бизнесийн сургууль байгуулагдсан.

“ХУДАЛДАА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИХ СУРГУУЛЬ (ХҮИС)” (2017 оноос хойш одоог хүртэл)

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 131 тоот тогтоолоор Монгол улсын их сургуулиас тусгаарлан сургалтын үйл ажиллагаагаа бие даан явуулж байна. Мөн уг тогтоолын дагуу ХҮИС-ийн Баянхонгор салбар сургууль төрийн өмчит сургууль болж үйл ажиллагаагаа явуулж байна.