NUCB

Мэндчилгээ

Нэгэн зууны түүхтэй Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн эрдэмтэн багш, төгсөгч, дэмжигч, оюутан залуусаа!

Манай сургууль монголын боловсролын салбарт хамгийн олон жилийн түүхтэй, олон мянган мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэсэн улсын ууган сургууль билээ. Тэртээх 1924 онд Хоршооны сургуулиас эхлэн Төв кооператив сургууль, Худалдааны техникум, Зах зээлийн коллеж, Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль гээд боловсролын бүхий л үе шатыг туулж Их сургууль болсон түүхэн онцлогтой.

Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн хөгжлийн замнал тус сургуулийн эрдэмтэн багш судлаачид, Монгол Улсын төр засаг, шинжлэх ухаан, боловсрол, бизнесийн салбарт манлайлагч үе үеийн төгсөгчдийн үйл хэрэг, бахархам амжилттай салшгүй холбоотой билээ. Монгол улсын дээд боловсролын шинэчлэлийг манлайлж, манай хамт олон, төгсөгчид улс орны хөгжлийн зөв гарц, шийдлийг тодорхойлж, инноваци, энтрепренершип бүтээлч сэтгэлгээг түгээж, сургуулийнхаа түүх, уламжлал, үйл ажиллагаагаа өдөр бүр баяжуулж байна.

Хорин нэгдүгээр зуун бол энтрепренершип, нэн их мэдээллийн болон технологийн хөгжлийн алтан үе юм. Дэлхий нийтийн энэхүү чиг хандлагатай хөл нийцүүлэн алхах зорилгоор энтрепренершип чиглэлийг барьж, уламжлалт бус, шинэлэг, технологид суурилсан, байгальд ээлтэй гарааны бизнес эхлүүлэх, хөрөнгө, санхүүжилт босгоход шаардлагатай мэдлэг, ур чадвар, хандлагыг оюутан бүрт эзэмшүүлэхийн төлөө дэлхийн тэргүүлэх болон үндэсний бусад их, дээд сургууль, эрдэм судлалын хүрээлэн, төв, төр, хувийн хэвшлийн байгуулагатай хамтран ажиллах болно.
Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль нь НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээрийн дагуу хүлэмжийн хийг бууруулах үйл хэрэгт хүчээ нэгтгэж, үндэсний эдийн засгийн голлох салбаруудыг байгаль орчин, нийгэм, эдийн засгийн харилцан шүтэлцээг хангасан тогтвортой хөгжлийн зарчим, үзэл баримтлалтай уялдуулан хөгжүүлэх, шинжлэх ухаан, технологийн ололт амжилт, ногоон инновацийг бизнес, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд эрдэмтэд, багш судлаачдаа уриалж, дэмжих зорилтыг тавин ажиллаж байна.

Бид сургуулийнхаа кампусыг. эрчим хүч, нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал болон хог хаягдал багатай байх зарчмаар хөгжүүлж, сургалтын хөтөлбөрт тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн ойлголт, ухагдахууныг тусгаж, оюутан бүрийг байгалийн нөөцийг үр өгөөжтэй, зүй зохистой, шударгаар ашиглан баялгийг бүтээх бүтээлч сэтгэлгээтэй, байгаль, амьдрах орчноо тэтгэн сайжруулах, хайрлан хамгаалах зөв дадал, хэрэглээний соёлтой, эрүүл, сайн сайхан амьдралыг цогцлоох хүсэл эрмэлзэл, тэмүүлэлтэй, ёс зүйг дээдэлсэн Монгол Улсын хүндтэй, үнэ цэнэтэй ИРГЭН болгон төлөвшүүлэхийг эрхэмлэж байна.

Залуус та бүхэн хос дипломтой, дэлхийн тавцанд өрсөлдөх, бүтээлч сэтгэлгээтэй шилдэг үдирдагч болохыг хүсвэл манай сургуульд элсэн суралцахыг урьж байна.

Эрдэмтэн багш, оюутан залуус , төгсөгчдөө!

Даян дэлхийн тогвортой хөгжил, Монгол Улсын хөгжлийн төлөө ИННОВАЦИ, ЭНТРЕПРЕНЕРШИП, ТОГТВОРТОЙ, НОГООН ХӨГЖЛИЙН консепцид суурилсан сургалт, эрдэм шинжилгээг хослуулсан их сургууль болж, бүс нутагтаа тэргүүлэхийн төлөө хамтын хүчээ нэгтгэе!

Захирал. М. Должин /Доктор, профессор/