Blog
ХҮИС-ийн ахмад багш, доцент Чойндонгийн ОНГООДОЙ өвчний улмаас 2021 оны 11-р сарын 27-ны өдөр таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Тэрээр 1935 онд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт төрж, 1957 онд Худалдааны техникумыг бараа судлал, 1967 онд ЗХУ-ын Ленинградын Худалдааны дээд сургуулийг Хүнс судлаач, худалдааны зохион байгуулагч мэргэжлээр төгссөн. Говь-Алтай аймгийн хоршоодын холбоо, Худалдаа, бэлтгэлийг удирдах газарт 1957-1962 онд барааны мэргэжилтэн, Худалдааны хэлтсийн дарга, 1967-1970 онд Худалдааны техникумд багш, 1970-1980 онд МУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, 1993 оноос Зах зээлийн коллежид багш, ХҮДС-ийн орой эчнээ салбарын захирал, тэнхимийн эрхлэгчээр үр бүтээлтэй ажиллаж, Монгол улсын худалдааны салбарын хүний нөөцийг бэлтгэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Төр засгаас түүний хөдөлмөр, бүтээлийг өндрөөр үнэлж Ардын хувьсгалын ойн медалиуд, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч медаль, Ардын боловсролын болон Худалдааны тэргүүний ажилтан, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байв.
Ч.Онгоодой нь худалдаа, хүнс судлалын чиглэлээр их, дээд сургуулийн оюутан суралцагчид, салбарынханд зориулсан арав гаруй сурах бичиг бичиж хэвлүүлсний зэрэгцээ үргэлжилсэн үг, яруу найргийн олон бүтээлийг туурвисан уран бүтээлч, сурган хүмүүжүүлэгч байлаа.
Ч.Онгоодой багшийн Монголын худалдааны салбарын хүний нөөцийг бэлтгэхэд оюун ухаан, эрдэм мэдлэг, ажил хөдөлмөрөө зориулж ирсэн зам нь мөнхөд гэрэлтэж, бидний сэтгэл зүрхэнд үүрд орших болно.
УМ МА НИ БАД МИ ХУМ
ХҮИС-ийн хамт олон
2021.11.28