ЭЗНУ-ны тэнхим

ЭРХ ЗҮЙ, НИЙГМИЙН УХААНЫ ТЭНХИМИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

 

Тэнхимийн эрхэм зорилго:

Эрх зүй, эдийн засгийн салбарын шинийг санаачлагч, хөрвөх чадвартай мэргэжилтнийг бэлтгэх, нийгмийн сайн сайхныг бүтээхэд судалгаа, шинжилгээний ажлаа чиглүүлнэ.
Зорилтууд:

  • Хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай мэргэжилтнийг бэлтгэх зорилгоор үндэсний хэмжээний стандарт шаардлагыг хангасан, практикт суурилсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
  • Багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах;
  • Дадлагын баазыг нэмэгдүүлэх, төрийн болон ААНБ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэх;
  • Ногоон, эрүүл, нээлттэй орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах;
  • Оюутны мэргэжлийн клубыг дэмжин хамтран ажиллах;
  • Нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн судалгаа шинжилгээний ажлыг тогтмол хийх, үр дүнг түгээн дэлгэрүүлэх;
  • Сургалт болон нийгмийн зорилтот бүлгүүдэд зориулсан эрх зүйн өмгөөлөл, зөвлөгөө өгөх “Хууль зүйн клиник төв”-ийг байгуулан ажиллуулах;
  • Сургуулийн санхүүжилтийн олон талт эх үүсвэрийг бүрдүүлэхэд идэвх санаачлагатай ажиллах;
  • Нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудлаар хурал, хэлэлцүүлэг, нэвтрүүлэг, арга хэмжээнд оролцох, зохион байгуулах замаар сургуулийн эерэг имижийг бүрдүүлэх.

 

Тэнхим нь 1991-1992 онд Зах зээлийн коллежийн “Ерөнхий эрдмийн тэнхим” нэртэйгээр анх байгуулагдан, нийгмийн ухааны болон англи хэлний хичээлийг хариуцан зааж байв. 1995-1997 онд “Хүмүүнлэгийн ухааны тэнхим” нэртэй болон өргөжиж, математик, биеийн тамир, англи хэл, түүх, философи, бизнесийн эрх зүй, соёл судлал, социологийн үндэс зэрэг хичээлүүдийг зааж сургалт хүмүүжлийн ажлаа амжилттай явуулж ирсэн. Тус тэнхимийн дэргэд 1998-1999 оны хичээлийн жилд “Бизнесийн эрх зүйч” мэргэжлийн ангийг нээж, энэ хугацаанд 120 гаруй мэргэжилтэн бэлтгэн гаргасан. 2007 оноос эхлэн тус тэнхим нь “Эрх зүй, нийгмийн ухааны тэнхим” нэртэйгээр  сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг явуулсан. 2011-2012 оны хичээлийн жилд МУИС-ийн Худалдааны сургуулийн “Бизнесийн эрх зүйн тэнхим” болж өөрчлөгдөн, Бизнесийн эрх зүйч мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэх бэлтгэл ажлыг хангаж, өөрийн үнэлгээний тайланг БМИҮЗ-д өргөн барьсан.

2017-2018 онд “Ерөнхий эрдмийн тэнхим”, 2019 оноос “Эрх зүй, нийгмийн ухааны тэнхим” болон өргөжиж  сургалт, эрдэм шинжилгээ, оюутан болон нийгэмд чиглэсэн үйлчилгээнд үйл ажиллагааг чиглүүлэн ажиллаж байна.

Тэнхимийн эрдэмтэн, багш нар эрх зүй, эдийн засгийн салбараар бакалаврын түвшний сургалтыг зохион байгуулж, хөдөлмөрийн зах зээлд шаардагдах мэргэжлийн ур чадварыг эзэмшсэн мэргэжилтнийг бэлтгэхийн зэрэгцээ ерөнхий эрдмийн хичээлүүдийг заадаг. Хичээлийн хөтөлбөрийг шинэчлэх, олон улсын жишигт нийцүүлэх, практикт суурилсан сургалтыг нэвтрүүлэх ажлуудын хүрээнд “Хууль зүйн клиник төв”-ийг байгуулахаар зорин ажиллаж байна.

2020-2021 оны хичээлийн жилд доктор – 1, магистр, ахлах багш – 10, хичээлийн туслах ажилтан – 1, үүнээс дэд профессор – 1, улсын начин – 1 тус тус ажилладаг.

 

 

Мэргэжил: Эрх зүй – D042101

Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах онол практикийн мэдлэг, чадвар, мэргэжлийн ёс зүй хандлага үнэт чанарыг эзэмшсэн, хөрвөх чадвартай, орчин үеийн нийгмийн хэрэгцээ, ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан мэдлэг, ур чадвартай эрх зүйчийг бэлтгэнэ.

Оюутнуудад хэрэг маргаанд эрх зүйн дүн шинжилгээ хийх, хууль зүйн санал дүгнэлт боловсруулах; эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах арга ажиллагаа эзэмших; эрх зүйн суурь хэм хэмжээ, онол, үзэл баримтлалын шинжлэх ухааны ололтыг үнэлэх, ашиглах, тайлбарлах, хэрэглэх арга зүйд суралцах; эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах, хэрэглэх арга ажиллагаанд суралцах; эрх зүйн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх арга, соёл, ёс зүйд суралцах; хуульчийн мэргэжлийн ёс зүйг сахин биелүүлэх зэрэг ур чадваруудыг эзэмшүүлнэ.

Төгсөгчдийн дийлэнх нь шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуулийн зөвлөх болон дээд боловсролын сургалтын байгууллагад багшаар тус тус ажиллаж байна.

 

Мэргэжил: Эдийн засаг – D031101

Эдийн засгийн макро түвшинд төр, олон улсын байгууллагуудад олон улс болон улс орон, салбарын хэмжээний мэдээлэл боловсруулах, дүгнэлт гаргах, прогноз, төлөвлөлт хийх, микро түвшинд аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны үр ашгийг тооцох, эрсдэлийг тодорхойлох, бууруулах арга замыг тогтоох, зах зээлийн шинжилгээ хийх, төсөл, төлөвлөгөө боловсруулах ур чадвартай мэргэжилтэнг бэлтгэнэ.

Оюутнуудад асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх шинэ санаа гаргах, шалтгаан, үр дагаварын холбоо хамаарлыг зураглах, боломжит хувилбаруудыг сонгож, илэрхийлэн харуулах; эдийн засгийн макро болон микро түвшингийн аливаа асуудлуудаар эрдмийн болон бодлогын судалгаа, шинжилгээ хийж, оновчтой шийдэхэд ашигладаг чадвартай болох; таамаглал дэвшүүлэн, харьцуулсан судалгаа, шинжилгээ хийж, үйл явцыг загварчлах, баримт бичиг боловсруулах; тоон болон чанарын шинж тэмдгүүдээр тодорхойлогдох мэдээллүүдийг статистикийн аргуудын тусламжтай шинжлэн, ерөнхий хууль зүй тогтлыг илрүүлэх, дүгнэлт гаргах; мэргэжлийн болон бусад шаардлагатай программ хангамж, техникийг ашиглах ахисан түвшингийн чадварыг эзэмшүүлдэг.

Эдийн засгийн мэргэжлээр төгссөн ихэнх төгсөгчид нь эдийн засаг, бодлогын судлаач, даатгалын актуарчин, эрсдлийн шинжээч, эдийн засгийн багш, эрдэм шинжилгээний ажилтан, яамны асуудал хариуцсан мэргэжилтэн, санхүүгийн зөвлөхөөр ажилладаг.

 

Гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд тэнхимийн багш нар 2004-2007 онд ХБНГУ-ын эрдмийн солилцооны алба ДААД-н санхүүжилтээр ХБНГУ-н Люнебург хотын Лойфанагийн их сургуулийн багш нартай хамтран “Монгол улсад сургалтын мэргэшсэн чиглэл ба шинэчилсэн сургалтын хөтөлбөр боловсруулах нь” (DAAD, Germany “Development of innovative study course and curriculum’s in Mongolia”) төслийг амжилттай хэрэжүүлсэн. Мөн төрийн байгууллага, олон улсын байгууллага болон гадаадын их дээд сургуулиудтай (ОХУ, БНХАУ, Франц, ХБНГУ, БНСУ, Япон улс) хамтарсан төсөл хэрэгжүүлэх, олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцон илтгэл хэлэлцүүлэх, лекц унших зэрэг эрдэм шинжилгээний ажлуудыг идэвх санаачлагатай хийж байна.

Багш нар