ХУДАЛДАА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИХ СУРГУУЛИЙН ТҮҮХТ 95 ЖИЛИЙН ОЙ БОЛЖ БАЙНА.
- 10 сар 25, 2019
- Posted by: admin
- Category: Мэдээ

Монгол улсад мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх эх үйлсийн тулгын гурван чулууны нэг ХҮИС-ийн түүхт 95 жилийн ой болж байна. 1924 онд “Хоршооны түр сургууль” нэртэйгээр байгуулагдсан тус сургууль өнөөдөр 95 жилийн ойгоо сургалтын орчинг сайжруулах “Бүтээлч ажлын жил” болгон зарлаж, бизнесийн байгууллагууд, төгсөгчидтэйгөө үр дүнтэй хамтран ажиллаж байна.
ХҮИС-ийн 95 жилийн ойн арга хэмжээний хүрээнд тус сургуулийн эрдмийн хамт олон “Худалдаа ба Тогтвортой хөгжил-IV” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын ХХААХҮЯ-тай хамтран зохион байгууллаа. Хуралд БСШУСЯ, Гадаад хэргийн яам, Монгол Улсын ШУА дэмжигч байгууллагаар тус тус оролцов. Уг олон улсын эрдэм шинжилгээний хуралд ОХУ, БНХАУ, ХБНГУ, Япон, БНСУ, Австрали, Итали, Тайвань зэрэг гадаадын 8 улс, Бүс нутгийн хамтын ажиллагаа болоод олон улсын хөгжлийн байгууллага (GTI, GIZ) болон Монгол улсын ШУА-ын ОУХС-ын хүрээлэн, Стратеги судлалын хүрээлэн, МУИС ЭЗХ зэрэг судалгааны хүрээлэнгүүд, МУИС БС, МУИС ОУХНУС, ХААИС, ШУТИС БАТС, СЭЗИС, Мандах их сургууль, Отгонтэнгэр их сургууль зэрэг дотоодын томоохон их сургуулиуд, төрийн бус байгууллагыг төлөөлөн нийтдээ 115 эрдэмтэн судлаачид 58 илтгэл, өгүүлэл ирүүлж, түүнээс 30 орчим илтгэлийг хурал дээр хэлэлцүүлэн бусдыг үзүүлэн илтгэлийн хэлбэрээр олон нийтэд хүргэсний зэрэгцээ хурлын эмхтгэлийг ХААХҮЯ-ны санхүүжилтээр хэвлэн олны хүртээл болголоо.
Ойн арга хэмжээний хүрээнд уригдан ирсэн гадаадын зочдоос Кангвоны Үндэсний их сургуулийн эмирет профессор Chung Mo Koo, Япон улсын Chiba Их сургуулийн дэд захирал Dr. Takako Hashimoto, Европын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Prof. Piergiorgio Valente, Өвөр Монголын Санхүү, Эдийн засгийн их сургуулийн дэд захирал Dr. Xu Haiqing, багш Dr.Zhang Xinxin, Dr.Lu Diying, MBA. SuNiHan, MBA. Guopengfei нар илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Мөн Италийн Линк Кампус Их сургууль (Link Campus University of Italy)-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
“Худалдаа ба Тогтвортой хөгжил-IV” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нээж ХҮИС-ийн захирал, профессор М.Должин үг хэлэв.
Нэгдсэн хуралдаан
БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат үг хэлэв.
Хуралд оролцогчид
Хурлын явцаас
Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль, Италийн Линк Кампус Их сургууль (Link Campus University of Italy) хоорондын хамтын ажиллагааны гэрээнд ХҮИС-ийн захирал, профессор М.Должин, Европын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Prof. Piergiorgio Valente нар гарын үсэг зурав.
ХҮИС-ийн хамт олон түүхт 95 жилийн ойн баяраа 10-р сарын 11-ний өдөр МПМ төвийн “Формоза” ресторанд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Ойн баярын үйл ажиллагаанд тус сургуулийн төгсөгч, УИХ-ийн гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга, ХҮИС-ийн Төгсөгчдийн холбооны дарга Ж.Ганбаатар, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, Худалдаа Бэлтгэлийн Яамны орлогч сайд асан, Худалдааны гавьяат ажилтан Н.Бэгз, ШУНХЛАЙ ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Батхишиг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Оюутан залуусын асуудал эрхэлсэн зөвлөх Н.Лхагвадорж нарын албаны хүмүүс, үе үеийн захирлууд, ахмад багш ажилтнууд, төгсөгчид зэрэг хүндтэй зочид уригдан оролцлоо.
ХҮИС-ийн 95 жилийн ойг тохиолдуулан тус сургуулиас хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан, УИХ-ын дарга Г.Занданшатар, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон Монгол улсын ШУА-аас манай сургуулийн эрдмийн хамт олонд мэндчилгээ ирүүлэв. УИХ-ын даргын мэндчилгээнд “…Ардчилал зах зээлийн харилцаанд шилжих тэр он жилүүдэд гар сэтгэл нийлэн хамтран ажиллаж байсан эрдэмтэн багш нар, хамт олноороо би бахархдаг. …Төрөлх сургуулийнхаа ойн баярыг тохиолдуулан сургуульдаа УИХ-ын нэрэмжит танхимыг байгуулан тохижуулж өгөх болно” хэмээсэн байна. БСШУС-ын сайдын мэндчилгээнд “…ХҮИС нь хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөх болоод бие даан ажлын байр бий болгох чадвартай мэргэжилтэнг бэлтгэхийн зэрэгцээ худалдаа, үйлчилгээ болоод эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр орон нутаг, улс орон, бүс нутагт тулгамдаж буй асуудлаар суурь судалгаа шинжилгээний ажил хийж, тэдгээрийг шийдвэрлэхэд манлайлагч нь байж, эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, түүнийг баялаг болгоход түүчээлэгч нь байгаасай хэмээн хүсч байна” хэмээн онцолсон бол ШУА-ийн мэндчилгээнд “…ХҮИС нь 2025 он хүртэлх хөгжлийнхөө үзэл баримтлалыг НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглүүлэн шинэ мэдлэг, дэвшилтэт технологийг зах зээлд нэвтрүүлэх шинийг санаачлагч, зохион бүтээгч, инноватор, энтрепренерүүдийг бэлтгэн гаргахад сургалт судалгаагаа чиглүүлж байгаад талархалтай хандаж байна ” хэмээн тус тус онцолжээ.
ХҮИС-ийн 95 жилийн ойн баярыг нээж тус сургуулийн захирал, профессор М.Должин үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв.
Баярын үйл ажиллагааг МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ш.Бямбацогт, Ч.Ичинхорлоо нар хөтлөн явууллаа.
МУИС-ийн Бизнестийн сургуулийн хамт олноос мэндчилгээ дэвшүүлэв.
Латин Америкийн бүжгийн Монгол Улсын 5 удаагийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 5-р байрын шагналт, Бүжгийн спортын Олон Улсын Хэмжээний мастер “Moon Dance” хамтлаг
ХҮИС-ийн оюутны бүжгийн хамтлагууд мэндчилгээ дэвшүүлэв.
Баярын үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан багш, ажилтнуудад шагнал гардуулав. Тус сургуулийн багш Д.Энхжаргал, ахмад багш Ж.Эрдэнэчимэг нар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар, багш Х.Булган-Эрдэнэ, С.Боловсон, О.Чулуунцэцэг, Д.Энх-Амгалан нар “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, үйлчлэгч Ж.Наранцэцэг “Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулснаас гадна зарим багш ажилтнуудыг салбарын яамдын Жуух бичиг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Хүндэт үнэмлэх”-ээр шагнажээ.