КОРПОРАЦИ ИННОВАЦИЙН ТӨВ

Монгол улсын болон дэлхий дахины эдийн засгийг хөдөлгөгч гол хөдөлгүүрийн нэг нь хувийн хэвшлийнхэн байдаг ба үүний дотор жижиг дунд бизнесүүд, уламжлалт корпорациуд ордог. Сүүлийн жилүүдэд технологи болон интернетийн хурдтай өсөлтөөс болоод эдгээр салбаруудын өөрчлөлтийн хурд мөн ихсэж буйтай холбогдуулан дэлхий даяар түгж буй өнөөгийн чиг хандлага бол уламжлалт корпорациуд ч гэсэн инновацийн экосистемд оролцох хүсэл, мэдлэг шаардлагатай байгаа нь харагдаж байна.

Иймд Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуульд байрлах Корпораци Инновацийн Төв гэдэг нь Монгол улсдаа анхны их сургуульд төвлөрөн байрласан, ялангуяа корпорациуд, жижиг дунд бизнесүүд болон уламжлалт бизнесүүдийг хэрхэн инновацитай ойртуулах, хэрхэн дотроо болон гаднаа инновацийг бүтээх,  хэрхэн өөрийгөө дахин тодорхойлж зах зээлд үлдэх тухай сургах, мэдлэг олгох мөн бусад талуудтай холбогдох зорилгоор энэ төв нь үйл ажиллагаагаа явуулах болно.

Корпораци Инновацийн Төвийн үндсэн үйл ажиллагаанд: удирдлагад зөвлөх болон бусад төрлийн сургалт, сүлжээ үүсгэх /networking/ богино хэмжээний болон олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, бизнесүүдийн хамтын үйл ажиллагааг нэмэгдүүлэх арга хэмжээг явуулах ба мөн түүнчлэн платформ байдлаар ажиллах болно.Их сургуулиудаас үүсэн гарсан  оюуны өмч бүхий мэдлэг, оюуны бүтээлийг зах зээлд нэвтрүүлэх зорилготой үйл ажиллагааг мөн хийж гүйцэтгэнэ.

Корпораци Инновацийн Төвөөр дамжуулан олон улсад тэргүүлэх инновацилаг корпорациудын туршлага болон мэдлэгийг Монгол улсдаа нэвтрүүлэх, түгээх зорилготой мэдээлэл солилцоо болон зохион байгуулалттай үйл ажиллагаа, яриа, цуврал хичээлүүдийг зохион явуулна. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг Олон улсын их сургуулиудтай харилцан хамтын ажиллагаа болон хөтөлбөрүүдийг үүсгэж ажиллах юм.

Тус төв нь мэдээж хэрэг Монгол улсын бүх хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд, уламжлалт корпорациуд, тэргүүлэх аж ахуй нэгжүүдээс гадна жижиг дунд бизнесүүд, боловсролын бүх төрлийн байгууллагууд, гарааны бизнесүүдэд нээлттэй ажиллах ба хамгийн чухал нь Монгол улсын ирээдүйн ажиллах хүч болсон оюутан залуусыг эртнээс корпорациудтай ойртуулснаар тэдний боловсролыг эдгээр ажлын байртай шууд холбож өгнө. Нөгөө талаас мөн оюутнуудыг уламжлалт бизнесүүдтэй шинэ арга барилаар харилцаж, ойлголцох боломжийг бий болгоно.

Мөн тус Корпораци Инновацийн Төвийн инновацийн экосистемийн бусад оролцогч талуудаас ялгарах онцлог нь уламжлалт бизнесүүдтэй харилцааг бий болгосноор тогтвортой үйл ажиллагааны тогтолцоог үүсгэхэд зорин ажиллах болно.

Корпораци Инновацийн Төвийн бас нэгэн зорилго нь урт хугацаандаа уг төвийн үйл ажиллагаа, санхүүжилт болон борлуулалтыг хувийн хэвшлээс гаргаж, ингэснээр хувийн хэвшлийн зүгээс боловсролын байгууллагуудад хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх юм.

Дээр дурдсанчлан тус төвийн гол үйлчлүүлэгчид нь бүх төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, уламжлалт корпорациуд, тэргүүлэх аж ахуй нэгжүүд, жижиг дунд бизнесүүд, боловсролын бүх төрлийн байгууллагууд, гарааны бизнесүүд, оюутан сурагчид, багш нар байх болно.