Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 62 дугаар сургууль дээр зохион байгуулагдсан мэргэжил сурталчлах өдөрлөгт ХҮИС оролцлоо.
- 11 сар 15, 2018
- Posted by: admin
- Category: Мэдээ
Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн захиргаа, эцэг эхийн зөвлөл хамтран тус сургуулийн төгсөх ангийн сурагчид, тэдний эцэг эх, асран хамгаалагчдын дунд зохион байгуулсан “Мэргэжил сурталчлах өдөрлөг”-т ХҮИС оролцлоо. Төгсөгчдөд зориулсан уг өдөрлөгийн үеэр мэргэжил сонгоход нь туслах зөвлөгөө, лекц, тус сургуулийн сурагчдын урлагийн тоглолт, их дээд сургуулиудын танилцуулга зэрэг арга хэмжээг зохион байгуулсан юм. Өдөрлөгт ШУТИС, ХҮИС, Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль (хуучин нэрээр Монос Дээд Сургууль), Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн Засгийн Их Сургуулийн УБ дахь салбар, Идэр Их Сургууль, Урлах Эрдмийн Дээд Сургууль зэрэг төрийн болон хувийн өмчийн 16 их, дээд сургууль оролцлоо. ХҮИС-ийг төлөөлөн Гадаад хэлний тэнхимийн ахлах багш А.Ариунаа тус өдөрлөгт оролцож сургуулиа танилцуулан, сурагчдад зөвлөгөө өгч, элсэгчдэд зориулсан танилцуулга гардуулж, эцэг эх, багш нартай санал солилцов. 62 дугаар сургуулийн 12 дугаар ангийн 90 орчим сурагч эцэг эхийнхээ хамт оролцсон энэ өдөрлөг нь сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжлээ сонгоход нь туслах, сургууль, хүүхэд, эцэг эхийн холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэсэн сайхан арга хэмжээ боллоо.